Дотоодын зах зээлд цоо шинэ брэнд мэндэллээ. Гадны живхтэй өрсөлдөх монгол живхийг үйлдвэрлэж эхэлжээ. “Сүлд шонхор” ХХК-ийн хийж буй “Тоди” живх нь монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон бөгөөд S (3-6 кг), M (5-10 кг), L (9-14 кг), XL (15 болон түүнээс дээр кг жинтэй) бага насныханд зориулсан гэсэн сонголттой аж.

Түүнчлэн тав, 28 болон 68 ширхэгээр савлагдан савлагдан худалдаанд гарч буй тул эцэг эхчүүд нь хэрэгцээндээ тохируулан худалдан авах боломжтой. Живхний үйлдвэрийн үнэ нь 360-390 төгрөг. Тэд чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулахыг өөрсдийнхөө зорилго болгон ажиллаж байгаа юм.

Монголын бяцхан үрсийн өдөр тутмын хэрэглээ “ТОДИ” живх хэрхэн бүтдэг бол

Аливаа үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж их чухал. Тиймээс “Сүлд шонхор” ХХК-ийнхэн бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаардаг учир монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон түүхий эд олохын тулд багагүй судалгаа хийжээ.

Үр дүнд нь монгол хүүхдийн онцлогтой ойролцоо хүүхэдтэй таван орныг сонгон авч түүхий эдээ оруулж ирдэг болжээ.

“Тоди” живхийг хийхдээ эхлээд түүхий эд болох мод буюу хөвөн материалыг хоёр даавуун материалын дунд хавчуулдаг. Дараа нь бүслүүрийн хэсгийг хийж, хүүхдийн биед аль болох тухтай байлгах үүднээс зөөллөж өгдөг аж. Гуравдугаарт, хүүхдийн шингэнийг шингээх гель бэлтгэдэг.

Энэхүү гель нь шингэнийг гадагш нэвтрүүлэхгүй, хүүхдийн арьсыг норгохгүй байх үүрэгтэй. Эцэст нь бэлэн болсон бүтээгдэхүүнээ метал илрүүлэгч төхөөрөмжид оруулж шалгадаг аж.

Живх үйлдвэрлэдэг машин нэг минутанд 300-400 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Одоогоор зах зээлийн 5 хувийг эзэлж байгаа ч бүрэн хүчин чадлаараа ажиллавал зах зээлийн 80-90 хувийг хангах боломжтой аж.

Мэдээлэл алга байна.